Шүүгчийн захирамжийн дугаар: 2022.08.10, 101/ШЗ2022/18807
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар, огноо: № 08, 2023.06.28 Процесс хураангуй
Иргэн А болон Э нар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, ийнхүү цуцлуулсанаас хойш тэд эвлэрч, гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэхээр болсон ба шүүхэд гэрлэлтээ сэргээлгэхээр ханджээ.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээлгэх боломжтой.
Гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн тохиолдолд Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тус тусдаа гаргасан өргөдөл, иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.
Дээрх хуульд зааснаар улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан нь баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтлөхөөр зохицуулжээ.
Шүүх нэхэмжлэгч нарыг гэрлэлт сэргээх асуудлаараа иргэний бүртгэлийн байгууллагад хандах нь зүйтэй гэж үзэж, тэдний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тойм бичсэн:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал