Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.16 №101/ШШ2023/01343
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Тоймын дугаар, огноо: 2023.06.28 № 24
А ХХК нь иргэн Б-д холбогдуулан Нийслэлийн нэгэн дүүрэгт байрлах 2 /хоёр/ орон сууцыг Б-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.
А ХХК нь шүүхэд хандсан үндэслэлээ, Б-тэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд орон сууцны үлдэгдэл төлбөрийг худалдан авагч тал төлөхгүй байх тул өөрийн өмчлөлийн орон сууцыг түүний эзэмшлээс буцааж гаргуулна гэж тайлбарлажээ.
Б нь үүнийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр орон сууцны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 205,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн тул одоо орон сууцыг буцаан өгөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хэргийн үйл баримтаар, Б-ын тайлбарт дурдсан асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй болох нь тогтоогджээ.
Иймд, шүүх А ХХК нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан авах шаардлага гаргах эрхтэй байсан хэдий ч орон сууцны үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргаж, өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн нь орон сууцаа буцаан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, өөрийн сонгох эрхийнхээ дагуу орон сууцны үнийг авах сонголтыг хийсэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125848?daterange=2023-01-01%20-%202023-06-28&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа