Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.04.28 101/ШЗ2023/10824
Захирамжийн төлөв:Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар, огноо: №10, 2023.11.30 Процесс хураангуй
Иргэн Бат нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “үнэлгээ хүчингүй болгуулах тухай” гомдлыг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Дээрх гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдлоор үүсэх хэрэг байна.
Хуульд зааснаар гомдлоор үүсэх хэргийн хувьд мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан нарийвчилсан зохицуулалт үйлчлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т “гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана” гэж заасан.
Тодруулбал, гомдлоор үүсэх хэргийн тухайд, гомдолд дурдсан үндэслэлээ тодорхойлсон баримт болон нотолгоог нэхэмжлэлдээ хавсарган ирүүлэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “зах зээлийн бодит үнэ ханшаас илтэд доогуур буюу үндэслэлгүйгээр хямд үнэлсэн гэх” үндэслэл нь субъектив байдлаар тодорхойлогдох боломжгүй бөгөөд объектив байдал буюу холбогдох баримт нотолгоонд үндэслэгдсэн байхыг ойлгоно.
Гомдол гаргагчаас өөрийн тодорхойлж буй зах зээлийн бодит ханшаас илтэд бага үнэлсэн гэж үзэж байгаа субъектив байдлууд нь объектив буюу тодорхой баримт, нотолгооны үндсэн дээр хийгдэх дүгнэлт бөгөөд энэ үндэслэл, нотолгоогоо гомдолдоо хавсаргаж ирүүлээгүй нь хуулийн тусгайлсан дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
|
Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч З.Баярмаа